ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/


2015 оны 04 сарын 20, 13:54
top_hashire_melosМелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөж өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино.
Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босч уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. Мелос эцэг эхгүй, эхнэр ч үгүй, бүрэг ичимхий охин дүүтэйгээ хоёулхнаа амьдарна. Дүү нь нас бие гүйцэж, тосгоныхоо нэгэн золбоолог малчин залуутай гэрлэх болж, хурим найрын өдөр нь дөхсөн тул сүйт бүсгүйн хуримын хувцас, идээ зоог, бэлэг сэлт бэлдэхээр холын энэ хотыг зорьж ирээд байгаа нь энэ билээ. Эхлээд хэрэгтэй юмаа цуглуулж авчихаад дараа нь хотын их гудмаар баахан дэмий алхав. Мелост хар багаасаа тоглож өссөн үнэнч сайн анд бий. Түүнийг Селинүнтүс гэх бөгөөд энэ хотод чулуучин хийдэг ажээ. Одоо тэрбээр ойрд уулзаагүй андтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхаж явна. Гэтэл хэсэг явж байтал хотын байдал нэг л хачин, нам гүм, хэдийн нар жаргаж харуй бүрий болон олны хөл тасарсан ч гэлээ нэг л сэжигтэй, хот тэр аяараа уйтгар гунигт автсан мэт санагдаж угийн тайван Мелосийн хүртэл нуруу нь хүйт оргиод ирэв. Замд тааралдсан нэгэн залууг барьж аван “Ямар нэгэн юм болоо юу, хоёр жилийн өмнө энд ирэхэд, шөнө оройдоо ч хүмүүс дуулж хуурдаад хөгжилтэй сайхан байдаг сан” гэж асуухад толгой сэгсэрчихээд юу ч дуугаралгүй яваад өгөв. Цааш явж байгаад нэгэн өвгөнтэй тааралдаж, энэ удаа улам чангаар лавлан асуусан боловч бас л юу ч хариулсангүй. Мелос, өвгөний хоёр мөрийг сэгсчин байж дахин асуухад, өвгөн эргэн тойрноо сэм ажиглаж байгаад болгоомжлонгуй нам дуугаар өгүүлэв.
- Хаан хүн алж байна.
- Яагаад хүн алах гэж?
- Хар муу санаа өвөрлөлөө гэх боловч хэн ч тийм муу санаа өвөрлөөгүй билээ.
- Олон хүнийг алсан уу?
- Тийм ээ, олон хүнийг. Эхлээд хаан өөрийнхөө хүргэн дүүг, тэгээд үе залгамжлагч хүүгээ, дараа нь охин дүүгээ, бас түүний хүүхдийг, хатан хаанаа, мөн ухаант мэргэн сайд Акилессийг (3).
- Ямар хачирхалтай юм бэ. Хаан галзуу солио өвчин тусаа юу?
- Үгүй ээ, галзуурсан юм байхгүй. Хүнд итгэж чадахаа больсон юм гэнэ билээ. Сүүлийн үед шадар туслахуудаа хүртэл хардаж сэрдээд, жаахан баян тансаг амьдарч байгаа хэн байна, тэр хүмүүст нэг нэг золиосны хүн гаргаж өг гэж зарлиг буулган, зөрчвөөс жадалж алдаг болсон. Өнөөдөр зургаан хүн цаазаллаа (4).
Үүнийг сонсоод Мелос багтарч үхтлээ уурлав. “Хэлэх ч үг алга. Хэрхэвч хааныг энэ хэвээр амьд байлгаж болохгүй.”
Мелос бол гэнэн цайлган хүн. Шуудайтай юмаа үүрсэн чигтээ бүдчин алхсаар хааны ордонд хүрч ирэв. Ордны харуулууд Мелосийг яах ийхийн зуургүй барьж аваад нэгжтэл өврөөс нь хутга гарч ирсэнд хэрэг бүр бишдэж бөөн шуугиан дэгдэж, түүнийг хааны өмнө чирч авчирлаа.
- Энэ хутгаар яах гэж байснаа хэл! гэж догшин ширүүн Дионис (5) хаан тайван мөртлөө омог сүртэй асуув. Хааны царай зэвхий саарал, хөмсөг хоорондын босоо үрчлээс нь сийлсэн мэт гүн харагдана.
- Хамаг олныг харгис хэрцгий хааны гараас аврах гэсэн юм гэж Мелос огт айсан шинжгүй хариулав.
- Одоо чи юу? гээд хаан доогтой нь аргагүй жуумалзаж, - Өрөвдмөөр ч амьтан бол доо. Чам мэтийн хүн миний ганцаардлын зовлонг яаж ч ойлгох вэ дээ.
- Бүү дуугар! гэж Мелос хилэгнэн хариу өчив. - Хүнд итгэхгүй байна гэдэг хамгийн том нүгэл бус уу. Хаантан та үнэнч, гэмгүй ардаа хүртэл хардаж сэрдэж байна.
- Хардах нь буруудахгүйн сэрэмж гэж та бүхэн надад зааж өгсөн бус уу. Хүний сэтгэл гэдэг худал хуурмаг, угаас хүн гэдэг шуналын тулам болсон амьтад, итгэж үл болно гэж хаан тайвнаар амандаа өгүүлээд нэг санаа алдсанаа, - Би ч гэсэн энх амгаланг хүсэн мөрөөднө гэв.
- Юуны төлөөх энх амгалан? Хаан ширээгээ хамгаалахын төлөө юу? Энэ удаа Мелос доогтойхон инээв. - Гэмгүй хүмүүсийг алж хядаад юуных нь энх амгалан байдаг юм?
- Дуу! Тэнэг муу боол чи гэж хэлээд хаан толгойгоо огцом өргөж, - Амны зоргоор ямар ч сайхан үг хэлж болно. Би хүнийг дотор нь ороод гарсан юм шиг мэдэж байна. Чи ч гэсэн одоо цаазлагдах болохоороо амь өршөө гэж үхэн хатан гуйх биз, өршөөнө гэж бүү сана.
- Ай, хаантан минь, та их ухаантай хүн юм. Тэгж бардам байж болно. Гэвч би хэдийн үхэхэд бэлэн байна. Амь өршөө гэж хэзээ ч гуйхгүй. Гагцхүү... гэж хэлээд толгойгоо гудайлган хоромхон зуур эргэлзсэнээ, - Гагцхүү, танд өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл байваас, цаазаар авахуулахаас минь өмнө гурван өдрийн чөлөө хайрла. Газар дээрх ганц дүүгээ нөхөрт гаргаж, гал голомтыг нь асааж ёслуулчихаад, гурав хоногийн дараа заавал энд буцаж ирнэ.
Хаан мушилзан байж хатсан сөөнгө хоолойгоор:
- Хм, санаанд оромгүй худал ярих юм. Суллаад тавьсан болжмор буцаад нисээд ирнэ гэсэн үг үү? гэв.
- Тийм, буцаж ирнэ гэж Мелос хичээнгүйлэн хариулав. - Би амласандаа заавал хүрнэ. Дүү минь намайг хүлээж байгаа. Хаантан та надад тэгтлээ итгэхгүй байгаа бол, за яахав, энэ хотод чулуучин хийдэг Селинүнтүс гэдэг цорын ганц үнэнч найз минь байдаг юм, түүнийг энд барьцаанд орхиод явъя. Хэрэв би зугтаж алга болоод, гурав хоногийн дараа нар жаргахаас өмнө энд ирэхгүй бол та түүнийг миний оронд цаазлагтун. Хүслийг минь болгоож хайрла.
Хаан түүний хэлснийг сонсоод санасандаа хүрсэн мэт цэвдэг хүйтнээр жуумалзаж, “Их л сүрхий юм хэлэх шив. Угаасаа буцаж ирэхгүй нь мэдээж. Энэ худалчийн үгэнд нь хууртсан дүр үзүүлээд суллаж тавьбал сонирхолтой л юм. Тэгээд гурав хоногийн дараа нөгөө золиосны хүнийг цаазалбал бүр ч аятайхан бус уу. Хүн гэдэг амьтан ийм л болохоор итгэж болохгүй гээд гунигтай царайлан тэр залууг цааш нь харуулж орхиё. Энэ хорвоогийн үнэнч шударга гэж худлаа хийрхэгчдэд нэг сайхан үзүүлээд өгөх юмсан” хэмээн боджээ.
- За яахав. Хүслийг чинь ёсоор болгоё. Тэр золиосны хүнээ дууд. Гурван өдрийн дараа нар жаргахаас өмнө энд ир. Амжиж ирэхгүй бол золиосны хүнийг цаазлана гэж мэдээрэй. Хоцроод ч ирж болно. Тэгвэл чиний ялыг үүрд хэлтрүүлэн өршөөх болно.
- Юу? Хаантан та юу айлдав?
- Ха ха, амь насандаа хайртай бол хоцроод ир. Чамайг яахыг би сайн мэдэж байна.
Мелос дуугарахаас ч ой гутан дороо дэлсэх шахан бачимдана. Хэлэх үг ч олдсонгүй.
Багын найз Селинүнтүс нь шөнө дөлөөр хааны ордонд дуудагдан ирлээ. Ийнхүү Мелос догшин хэрцгий Дионис хааны өмнө хоёр жил уулзаагүй сайн найзтайгаа уулзаж, найздаа бүх учраа ярихад Селинүнтүс дуугүй толгой дохин Мелосийг чангаас чанга тэврэн авав. Хоёр найз ингээд салахад л хангалттай байлаа. Селинүнтүс олсоор хүлүүлэн үлдэж, Мелос ордноос гараад шууд гүйлээ. Зуны тэргүүн сарын эхэн, тэнгэрт түг түмэн од гялалзаж байлаа.
Мелос хором ч амсхийлгүй шөнөжин гүйсээр маргааш өдрийн бага үдэд нутагтаа хүрэхэд, нар хэдийн өндөрт хөөрч тосгоныхон тариан талбайдаа гарч, арван зургаатай дүү нь ч бас ахынхаа оронд хонио хариулаад явж байв. Дүү нь айхтар эцэж ядарсан ахыгаа хараад ихэд гайхаж, яасан ийснийг нь шалгааж гарав.
- Яагаа ч үгүй ээ гээд Мелос хүчлэн инээхийг оролдоно. - Хотод ажлаа дутуу орхиод ирсэн тул буцаад явахгүй бол болохгүй. Маргааш чиний хуримыг ёсолъё, хурдан тусмаа сайн биз гэхэд дүүгийнх нь хацар ягааран улайв.
- Сэтгэл хөдөлж байна уу? Хуримын чинь гоё даашинзыг бас авчирсан шүү. За, одоо явж маргааш хуримтай гэж тосгоныхонд зар тараагаад ир.
Мелос цаашаа дэн дун алхсаар гэртээ орж, бурхан тахилдаа идээ ундаа өргөөд, хуримын ширээ сандал засаж, удалгүй шалан дээр тэрийн унаад үхсэн мэт бөх нойрслоо.
Сэрээд хартал нэлээд орой болсон байв. Мелос босонгуутаа шууд хүргэн болох залуугийнд очиж, “Чухал ажил гараад, хуримын өдрийг маргааш болгож өгөөч” гэж гуйхад залуу мэл гайхаж, “Тэр болохгүй ээ, бид юу ч бэлдээгүй байна. Ядаж усан үзмийн улирал хүртэл хүлээ” гээд ер хавьтуулсангүй. “Хүлээж чадахгүй нь, яаж ийгээд маргааш л болгож өг” хэмээн уйгагүй гуйхад хүргэн хүү ч бас тас зөрсөөр, шөнө дуусаж үүр цайтал хийнэ, хийхгүй гэж маргалдсаар, эцэст нь ашгүй нэг зөвшөөрүүлж авлаа. Хуримын ёслол яг үд дундад эхлэв. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр бурханд залбирч, андгай тангаргаа өргөж дуусах яг тэр мөчид гэнэт тэнгэрт бөөн хар үүл хуралдан нэг хоёр дусалж байснаа төдөлгүй хувингаар цутгах мэт ширүүн бороо шаагин оров. Хуримын ширээний ард эгнэн суусан тосгоны хүмүүс ямар нэгэн муу ёр зөгнөн эвгүйцсэн боловч, дор бүрдээ сэтгэлээ засаж, умбагар давчуу байшингийн бүгчим халууныг үл хайхран, хөгжилтэйеэ алга ташин дуулж эхэллээ. Мелос ч жаргалтай сайхан болж, нэг хэсэг нөгөө хаантай хийсэн гэрээгээ хүртэл мартаж орхисон байв. Орой болж, найр ид дундаа орж, хүмүүс үсэрч цовхчин, дуулж хуурдан, гадаах аадар бороог анзаарах хүн үгүй болжээ. Мелос энэ чигээрээ, ингээд, энэ сайхан хүмүүстэйгээ насан туршдаа баймаар санагдана. Даанч одоо энэ бие нь өөрийнх биш болжээ. Хүслээр болдоггүй хяслант хорвоог яалтай билээ. Мелос өөртөө ташуур өгөн явахаар хатуу шийдэв. “Маргааш нар жаргатал зөндөө цаг байна, нэг дуг хийчихээд хөдөлбөл бороо ч намдах биз” хэмээн бодон, нэг хором ч болов гэртээ баймаар санагдан сэтгэл хоргодно. Мелос мэтийн эрд ч гэсэн мэдээж харуусал, гуниглал гэдэг юм байлгүй яах вэ. Тэр найрын цэнгээнд согтсон мэт талимааран суух сүйт бүсгүйн дэргэд очоод:
- За баяр хүргэе. Ах нь бүүр ядарчээ. Түр хажуулж аваад шууд хот явна. Намайг үгүйд чамд халамжтай сайн хань байна. Юунд уйтгарлаж гунихав. Ахын чинь хамгийн дургүй зүйл бол хүнд үл итгэх, бас худал хэлэх. Чи ч мэдэж байгаа байх. Эр нөхрөөсөө нууж хаах юм өчүүхэн ч гаргаж болохгүй шүү. Үүнийг л чамд захих гэсэн юм. Чиний ах лав мундаг хүн мөн тул ахаараа бахархаж яваарай гэв.
Сүйт бүсгүй зүүдэлж буй мэт болсноо толгой дохив. Дараа нь Мелос хүргэн хүүгийн мөрийг алгадан,
- Одоо яая гэх вэ, ойлгоно биз дээ. Манайд байгаа эрдэнэ гэвэл ганц дүү минь, энэ хэдэн хонь, өөр юу ч алга даа. Бүгдийг өгье. Нэмж хэлэхэд, Мелосийн дүү болсондоо бахархаж яваарай гэхэд хүргэн хүү гараа базлан тэрүүхэндээ ичингүйрэн сууна. Мелос инээмсэглэн нутгийн хүмүүстэй бас эелдгээр ёслоод гэрээс гарч хонины хашаа руу шурган орж, үхсэн мэт унтаад өглөө.
Үүр цайж өглөө боллоо. Мелос үсрэн босож, “Ээ, бурхан минь, унтаж орхив уу даа. Аа, ашгүй гайгүй байна. Одоо гараад явбал амласан цагтаа элбэг очиж амжина. Өнөөдөр тэр муу хаанд үнэнч сэтгэл гэж юу байдгийг харуулаад өгье. Тэгээд баясгалантайгаар цаазын тавцанд гарах болно” гэж бодонгоо ойр зуурын юмаа алгуур тайван зэхэж эхлэв. Бороо ч овоо намдаж байгаа бололтой. Бэлэн боллоо. Мелос хоёр гуяа нэг хүчтэй алгадаад усан бороон дундуур харвасан сум мэт харайн одлоо.
“Би өнөө орой үхнэ. Үхэхийн төлөө гүйж байна. Золиосонд хоцорсон найзынхаа төлөө, хорон муу санаат хааныг ялан дийлэхийн төлөө гүйж байна. Тэгээд би цаазлагдана. Залуу зандан наснаасаа нэр төрөө эрхэмлэ. Баяртай, эх нутаг минь.” Нас бага, цус шингэн Мелост үнэхээр хэцүү байлаа. Хэд хэдэн удаа шантарч зогсохоо шахав. Яваад бай, яваад бай гэж хашгиран зүрхээ чангалж, сэтгэлээ барин гүйлээ.
Нутгаасаа гаран уул тал, ой модоор шурган гүйсээр зэргэлдээ тосгонд хүрч ирэх үед бороо арилж нар өндөрт хөөрөн халуу шатаж эхлэв. Мелос духныхаа хөлсийг гараараа шудран, “Энэ хүрсэн байхад одоо зүгээр. Нутагтаа хоргодох сэтгэл минь ч тайвширлаа, дүү нар маань ч сайхан гэр бүл болцгоох биз. Одоо юунд санаа зовох билээ. Ингээд шууд хааны ордон руу явбал болоо. Бас юундаа ч тэгтлээ яарах вэ, сандралгүй явна аа” гээд угийн уужуу тайвуу зан нь хөдөлж, дуртай дуугаа аялан цааш явлаа. Аажуу уужуу алхсаар хоёр ри, гурван ри бараг замынхаа талд ороод явж байтал, гай газар дороос гэгчээр урдахаа хараад ухаан алдах шахав. Өмнөх голыг хараач, таминь! Өчигдрийн орсон аадар бороонд уулнаас булингартсан бөөн хар ус гол руу цутган орж ирэн хуйлран урсах аймшигт үер болон хувираад голын гүүр хашлагыг юу юугүй зад татан хаяж, эвдэрч хэмхэрсэн гүүрийн мод, холтосыг үртэс болтол нь шидэлж байна. Тэр яахаа мэдэхгүй алмайрч орхив. Ийш тийш харж байдгаараа бахиравч, ганц ч завь үлдэлгүй урсаж алга болоод завьчны бараа ч үзэгдсэнгүй, голын ус улам бүр үерлэн далайн давалгаа мэт оволзон урсана. Мелос голын эрэг дээр сөхрөн унаж эр хүний ховор нулимс унаган, хоёр гараа тэнгэрт өргөн Зевс бурханаас аврал эрэн залбирлаа. “Ай, бурхан минь энэ хараалын үерийг намдааж хайрла! Нар хэдийн их үдийг голлож, цаг мөч хором хормоор хорогдсоор буюу. Энэ нарыг уулын цаагуур орохоос өмнө хааны ордонд очихгүй бол найз минь миний өмнөөс үхэх болно.”
Үерийн ширүүн урсгал Мелосийн гуйлтыг элэглэн шоолох мэт улам хүчтэй дэгдэн хөөрч, давалгаа нь давалгаагаа сорох мэт хуйлран эвхэрч, хөөсрөн давалгаалсаар, цаг мөч өнгөрсөөр л. Мелос сэтгэл шулуудан сэлж гарахаар шийдлээ. “Бурхан минь аварч хайрла! Ширүүн урсгалд ч дийлдэшгүй үнэнч сэтгэлийн агуу их хүчийг одоо л нэг үзүүлье” хэмээн өөрийгөө зоригжуулан голын ус руу годхийн үсрэн орлоо. Зуун аварга могой адил атиралдан мушгирч, даран авч татан чангаах аймшигт үерийн эсрэг хамаг хүчээ хоёр даландаа авч хүчит урсгалыг юман чинээ бодолгүй тэмцэж эхэллээ... Амь хайргүй улайран зүтгэх хүний хүүг хараад бурхан ч өрөвдсөн юм уу, авралын гараа сунгаж, урсах шахан явсан тэрбээр ашгүй нөгөө эрэг дэх модны үзүүрээс зууран авч чадлаа. Ямар их аз вэ. Үд хэлбийж, Мелос ганц хором ч атугай алдахгүйг хичээн морь шиг биеэ нэг хүчтэй сэгсэрчихээд цааш яаран гүйлээ. Аахилан явсаар нэгэн даваан дээр гарч жаахан уужраад сууж байтал, гэнэт өмнө нь уулын бүлэг дээрэмчид үсрэн гарч ирэв.
- Зогс.
- Яах гээв? Би нар шингэхээс өмнө хааны ордонд очих ёстой хүн. Зам тавь.
- Тэгнэ гэж санаа юу? Байгаа юмаа бүгдийг орхиод явна даа.
- Надад өчүүхэн энэ аминаас өөр юу ч алга. Одоо ганц энэ амиа хаанд тушаахаар явж байна.
- Тэр амь чинь л хэрэг болоод байна даа.
- Аан, тийм бий, та нар. Хааны зарлигаар намайг энд отож байсан бий.
Дээрэмчид юу ч дуугаралгүй нэгэн зэрэг модоо савчуулан уулгалан дайрав. Мелос ухасхийн бултаж, нүд ирмэхийн зуур нисэн дүүлдэг жигүүртэн мэт ойр байсан нэгэн рүү үсрэн очиж, модыг нь шуртхийн булаан авч, “Өршөө, үнэний төлөө” гэж нэг хэлчихээд хүчтэй далайлтаар яах ийхийн зуургүй гурвыг нь цохин унагааж, үлдсэн нэгийнх нь сиймхий дундуур ухасхийн уулын уруу тэр эрчээрээ зугтлаа. Хар хурдаараа гүйснийг хэлэх үү, хамаг хүч нь барагдаж, зулай дээр нь үдийн аагим халуун нар төөнөж, үе үе толгой нь эргэн ухаан балартах шиг болоход сэтгэлээ чангалж унахгүйг хичээн чүү чай нэг хоёр алхах боловч сүүлдээ өөрийн эрхгүй өвдөг сөхрөн уналаа. Өндийх ч тэнхэл байсангүй, тэнгэр ширтэн харууслын нулимс унаган, “Ай, хөөрхий, ширүүн үер, уулын дээрэмчидтэй тулалдан гурвын гурвыг унагаан зугтаж ирсэн зоригт баатар Мелос чи ингээд унаад өгнө гэж үү? Ачит найз чинь чамд итгэснийхээ төлөө үхэх гэж байна, чи бол хорвоогийн хамгийн өөдгүй урвагч, яг хааны бодсонтой адил арчаагүй амьтан” гэж өөрийгөө харааж зүхэвч, тамир тасарч өчүүхэн чинээ ч урагш ахиж чадсангүй, замын хажуугийн зүлгэн дээр гулдайн хэвтэнэ. Бие сульдвал ухаан санаа ч самуурна. Яасан ч яахав гэсэн баатар эрд үл зохих хулчийсан бодол гэнэт сэтгэлийн мухарт урган бий болов. “Намайг энэ хүртэл амь хайргүй тэмцсэнийг, амлалтаасаа өчүүхэн ч няцаагүйг бурхан мэднэ. Эцсийн хүчээ шавхан хөдөлж чадахгүй болтлоо гүйсэн билээ. Би урвагч биш ээ. Болдогсон бол энэ цээжээ урж хаяад, дан ганц хайр, чин үнэний цусаар цохилох улаан хүрэн зүрхээ сугалаад үзүүлэх юмсан. Даанч бие, сэтгэл зүрх минь нэгэнт мохжээ. Би яасан азгүй хүн бэ! Намайг, манай гэрийнхнийг бүгд элэглэн шоолох биз ээ. Би найзаасаа урвасан. Замдаа ингээд ойчоод өгвөл эхнээсээ юу ч хийгээгүйтэй адил бус уу. Даанч, даанч босож чадахгүй нь, энэ хэвээр минь орхиод аль, хувь заяа минь ийм л байж. Селинүнтүс минь, өршөөгөөрэй. Чи надад итгэж, би ч чамд итгэж, чи бид хоёр үнэхээр сайн андууд байжээ. Хэн хэнийгээ хэзээ ч хардаж сэрдэж байгаагүй, одоо ч гэсэн чи намайг цайлган цагаан сэтгэлээр хүлээж суугаа биз ээ. Баярлалаа, Селинүнтүс. Надад ингэж итгэл өгснийг чинь бодохоор өр зүрх минь өвдөх юм. Энэ хорвоод үнэнч андын нөхөрлөл шиг ариун нандин зүйл үгүй юм даа. Селинүнтүс, би гүйсэн шүү, чамаас урваагүй шүү! Гүйхийн дээдээр гүйж, улаан үер, уулын дээрэмчидтэй тулалдаж, уулнаас хар хурдаараа зугтаж ирсэн шүү, би чадсан шүү. Надаас өөр юу ч битгий хүс, орхиж аль, хамаа алга, заяагүй амьтан би ялагджээ. Инээцгээ, бахаа ханатал инээцгээ. Хаан надад юу гэлээ? “Жаахан хоцроод ир, тэгвэл золиосны хүнийг алж, амийг чинь хэлтрүүлнэ” гэж шивнэж байлуу. Хааны тэр хорон санааг би ямар их үзэн ядаж байлаа. Гэтэл одоо хааны хэлснээр болж, би хоцорч очиж, хааны бах нь ханаж, шоолж, тэгээд намайг юу ч болоогүй юм шиг суллан тавих биз. Тэгээд би үүрдийн урвагч, энэ орчлонгийн хамгийн адгийн амьтан болно. Нэр хугарахаар яс хугар! Селинүнтүс минь, би ч бас үхье, хамт үхье. Ганцхан чи л намайг ойлгоно, итгэнэ. Үгүй ээ, энэ ч бас өөрөө өөрийгөө хуурсан бодол уу? Тэгвэл бүр муу хүн болоод амьд явах уу? Тосгонд минь гэр, хонь маань байна, арай ч дээ, дүү хүргэн хоёр намайг хөөж туухгүй байлгүй. Үнэнч сэтгэл, итгэл, хайр майр ер нь ямар хэрэгтэй юм? Өрөөлийг хорлож өөрөө амьд явах нь энэ хорвоогийн жам бус уу. Ёстой бүгд тэнэг. Би өөдгүй урвагч, хамаа алга, дураараа болцгоо. Дуусчээ.”... гэж халаглан бодсоор дөрвөн мөчөө хөсөр хаян үхэтхийн хэвтэж байгаад зүүрмэглэж орхилоо.
Гэнэт чихний үзүүрт ус хоржигнох чимээ сонсогдох шиг болов. Аажуухан толгойгоо гилжийлгэн амьсгаа түгжин чагнаваас энүүхэнд хөл дор нь урсаж байх шиг. Арай чамай хөл дээрээ босон харвал хадны завсраас булгийн тунгалаг ус зөөлөн урсан гарч ирж байв. Мелос булгийн усанд соронздуулах мэт урагш бөхийн хоёр гараа тосон нэг балга ус уугаад уртаас урт амьсгаа автал зүүднээс сэрсэн мэт сэргээд ирлээ. “Явж чадах нь, гүйе.” Бие дагаад сэтгэл санаа ч сэргэж, өчүүхэн боловч хүсэл мөрөөдөлтэй болов. Энэ бол ам тангарагтаа хүрэх хүсэл мөрөөдөл, амь насаараа нэр төрөө хамгаалах хүсэл мөрөөдөл. Наран баруунаа хэлбийж улаан шар туяа ой мододыг гийгүүлж, ногоон навч, мөчир цөм гал улаан өнгөөр гялтганана. Нар арай жаргаагүй байна. Надад итгэн чимээгүйхэн хүлээж суугаа хүн бий. Би итгэл хүлээсэн хүн. Амь нас юу ч биш. Үхэж уучлалт гуйя ч гэх шиг худлаа сайхан үг хэлж яаж болно. Би тэр итгэлийн ачийг хариулах ёстой, одоо өөр юу ч хэрэггүй. Гүй, Мелос!
Тийм ээ, найз минь надад итгэж байгаа, итгэж байгаа. Саяын тэр ад чөтгөрийн шивнээ, муу ёрын зүүд байжээ. Мартаж орхиё. Ядарч туйлдахад муу ёрын зүүд зүүдэлдэг юм. Ичих юмгүй, чи бол үнэхээр жинхэнэ баатар, ингээд хөл дээрээ босоод дахин гүйж байгаа биш үү, юутай баярлууштай! Би шударга үнэний төлөө тэмцэгч болон үхэж чадна. Нар шингэж байна, улам улам доошилж байна. Хүлээ, Зевс бурхан минь. Би хүн болсноосоо хойш үнэнч шударгаар явж ирсэн, тэр хэвээр минь үхүүлж хайрла.
Замаар алхах хүмүүсийг шүргэн, мөргөн, түлхэн хуй салхи шиг гүйлээ. Гадаа хээр наадах олны найрын ширээний тэг дундуур найрын хүмүүсийг ангайтал, айлын нохойг өшигчин, гол горхи туучин аажим аажмаар доошлох нарны хурдаас арав хэд дахин илүү хурдаар гүйлээ. Хэсэг аянчинтай зөрөх үед “Одоо нөгөө залууг цаазын шонд өлгөж байгаа байх даа” гэлцэх бэлгэгүй яриа чихэнд дуулдав. “Аа, би тэр, тэр залуугийн төлөө гүйж байна, түүнийг үхүүлж болохгүй, хурдан гүй, хоцорч болохгүй, хувцас хунар юуны хамаа байна, хайр, үнэний хүчийг одоо л харуулъя.” Мелос бараг чармай нүцгэн гүйж явна. Багтарч үхэх шахан хоёр гурван удаа цусаар бөөлжив. Бараа нь харагдлаа. Тээр тэнд Сиракүза хотын сүмийн орой шовойж байна. Сүмийн орой жаргах нарны туяанд алтран гялтагнана.
- Ай, Мелос гуай гэсэн гаслангуй дуу салхитай хамт сонсогдов.
- Хэн бэ? Мелос гүйнгээ асуув.
- Таны эрхэм найз Селинүнтүсийн шавь Филострат байна гэж залуу чулуучин Мелосийн хойноос дагаж гүйнгээ хашгирав. - Одоо нэмэргүй ээ, гүйхээ болигтун. Та түүнийг аварч чадахаа өнгөрчээ.
- Үгүй, нар жаргаагүй байна.
- Яг одоо түүнийг цаазлах гэж байна. Та нэгэнт оройтжээ. Би таныг харааж зүхмой. Та жаахан, арай жаахан эрт ирсэнсэн бол!
- Үгүй, нар жаргаагүй байна гэж хэлсэн Мелосийн зүрх нь зүсэгдэх шиг болж, том улаан нарыг цоо ширтэн гүйнэ. Гүйхээс өөр яах билээ.
- Болигтун. Гүйхээ болигтун. Та одоо өөрийнхөө амийг бод. Тэр танд маш их итгэж байсан шүү. Цаазын тавцан руу түлхэн гаргахад хүртэл ер ажиггүй, хаан түүнийг элдвээр шоолж байсан ч зөвхөн “Мелос заавал ирнэ” гэж хатуу итгэлтэйгээр хэлж байсан.
- Тийм болохоор гүйж байна. Итгэл хүлээсэн болохоор гүйж байна. Амжих, амжихгүйдээ биш, амь нас энэ тэрд ч биш, өөр ямар нэгэн агуу том юмны төлөө гүйж байна. Дагаад гүй!
- Аа, та солиорчээ. Тэгвэл бүр хурдан гүй. Юмыг яаж мэдэх вэ, амжиж ч юун магад. Гүй, гүйгээд бай.
Тийм ээ, нар жаргаагүй байна. Мелос эцсийн хүчээ шавхан гүйж явна. Мелост юу ч бодогдсонгүй, зөвхөн учир нь үл ойлгогдох нэгэн агуу их хүчинд татагдан гүйж байлаа. Нар аажим аажмаар тэнгэрийн хаяа руу шурган орж, сүүлчийн гэрлийн хэлтэрхий тасрах яг тэр агшинд Мелос салхи шуурга лугаа адил цаазын газарт гүйн орж ирлээ. Амжлаа.
- Хүлээ, тэр хүнийг алж болохгүй. Би буцаад ирлээ. Амласан ёсоороо буцаад ирлээ гэж байдаг чадлаараа хашгирсан боловч хоолой нь хатаж сөөгөөд өчүүхэн сул дуу гарснаас цаашгүй, цугласан олны хэн нь ч түүнийг анзаарсангүй. Олсоор хүлсэн Селинүнтүсийг аль хэдийн цаазын өндөр шонд өлгөж байлаа. Мелос түүнийг хараад сүүлчийн хүчээ шавхан, түрүүхэн үерийн усыг сөрөн гарсан шигээ олны дундуур зүсэн орж,
- Би байна, цаазлагч аа! Цаазлагдах хүн би байна! Түүнийг золиосонд орхиод явсан хүн, би энд ирээд байна гэж сөөнгө хоолойгоор бахирсаар цаазын тавцан руу авиран гарч дээшээ өлгөгдөн буй найзынхаа хоёр хөлнөөс зууран авлаа. Цугласан олон шуугилдаж, “Хөөрхий тэднийг сулла” гэж ам амандаа орилолдов. Селинүнтүсийн хүлээсийг тайллаа.
“Селинүнтүс!” гэж Мелос нулимс цийлэгнүүлэн дуудангаа:
- Намайг цохь, нэг сайн алгад. Би ирэх замдаа нэг муухай зүүд зүүдлээд.., хэрэв намайг эс цохивоос найз чамайгаа тэврэн авах эрх байхгүй билээ, цохь гэв.
Селинүнтүс бүгдийг ойлгосон шинжтэй толгой дохин, цаазын газрыг цуурайттал баруун хацрыг нь тасхийтэл алгадлаа. Тэгээд зөөлөн инээмсэглэж,
- Намайг ч бас цохь, адилхан чангаас чанга цохь. Энэ гурван өдрийн хугацаанд би нэг л удаа, төрөөд анх удаа чамд жаахан итгэл алдарсан. Намайг эс цохивоос чамайг яахин тэврэн авах билээ.
Мелос орилон, зүүн хацрыг нь алгадлаа.
“Анд минь!” гэж хоёул нэгэн зэрэг дуудаад тас тэврэлдэн баярын нулимс асгаруулан хангинатал уйлав.
Олон түмний дундаас ч сэтгэл хөдлөн мэгшин уйлах дуу сонсдоно. Хаан хүмүүсийн ард зогсон тэр хоёрыг хөшсөн мэт хөдөлгөөнгүй харж байснаа, алгуурхан ойртон очоод нүүр нь жаахан улсхийснээ,
- Та хоёрын хүсэл биелж, би ялагджээ. Үнэнч сэтгэл гэдэг огт хоосон зүйл биш юм байна. Та хоёрын найз болохыг чин сэтгэлээсээ хүсмой. Хүсэлтийг минь хүлээн авч, намайг найзаа болгож аваач.
Хүмүүсийн хурайлах дуу цуурайтлаа.
- Хурай, Эзэн хаан хурай.
Нэгэн охин Мелост ув улаан нөмрөг өгөв. Мелос яахаа мэдэхгүй сандран зогсоход сайн анд нь санаа тавин хэлж өгөв.
- Хөөе, Мелос минь, чи шав шалдан байна шүү дээ. Наадахаа хурдан аваад нөмөр. Энэ хөөрхөн охин чиний нүцгэн биеийг хүмүүст харуулахаас их санаа зовж байна даа.
Баатар эр час улайв.

(Эртний Грекийн домог, Шиллерийн (6) шүлгээс. )

-------------------------

тайлбар:

(1) Ри - Уртын хэмжүүр. 1 ри ойролцоогоор 3,9 км.
(2) Сиракүза - Одоогийн Италийн Сицили арлын баруун өмнө зүгт орших Siracusa хот.
(3) Акилесс - Эртний Грекийн домгийн баатар. Эртний Грекийн яруу найрагч Гомер (МЭӨ 8-р зуун)-ын зохиосон “Илионы дуулал”-ын гол дүрийн баатрын нэрээр нэрлэжээ.
(4) Цаазлах - Дээр үеийн Японд хэрэгтэнг өндөр шонд хүлж байгаад жадалж цаазалдаг байжээ.
(5) Дионис - МЭӨ 432-367 онд одоогийн Италийн Сиракүза (Siracusa) хотын захирагч байсан эзэрхэг хааны нэр.
(6) Шиллер - Фридрих Шиллер (1759-1805). Германы жүжгийн зохиолч, яруу найрагч, түүхч, философич.





Орчуулсан Д. Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хөгжилтэй зар суртачилгаа
    Хөгжилтэй зар суртачилгаа
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • JCI ASPAC-ЯМАГАТА 2014
    2011 оны 3 сарын 11-ний хар дарсан зүүд мэт өдөр Япончуудын хувьд тэр дундаа Японы Зүүн хойт бүсийн Фүкүшима төвтэй Миаги, Ямагата  зэрэг аймгуудын хувьд хэзээ ч мартагдашгүй хар толбо үлдээсэн, хэзээ ч мартагдашгүй гуниг зовлон авчирсан, хэзээ ч мартагдашгүй сүйрэл авчирсан, хэзээ ч мартагдашгүй хагацал учирсан өдөр байсан. Жирийн нэгэн Япон хүүхэд сургуульдаа явж, жирийн нэгэн ээ...
  • 25 жил уулзаагүй ихрүүд нэг нэгээ Youtube-с олжээ
    Ихрүүдийн нэрийг Анаис Бордер, Саманта Футурман гэдэг ба тэд төрсөн цагаасаа айлд өргүүлж, нэг нэгнийхээ байдаг эсэхийг ч мэдэлгүй өссөн байна. Хүүхэд байхаасаа ч ижил үсний засалттай, чанасан лууванд ижилхэн дургүй, хумсаа будахдаа хүртэл ижил өнгийг илүүд үздэг охид нэг нэгээ Youtube-р олжээ. Анаис Бордерын хувьд Францад өссөн бөгөөд танилынхаа түгээсэн нэгэн киноны трэйлэрийг ...
  • ХҮҮХЭД ХУЛГАЙЛАВ
    Дуугарахыг нь хүлээж суусан эрдэмтний утас жингэнэн дуугарав. Эрдэмтэн утсаа авлаа. Гялтгар хар харилцуурын цаанаас: - Байна уу, гэрийн эзэн байна уу? гэх бүдүүн, баргил нам дуу сонстов. - За, би байна. - Алдартай зохион бүтээгч, эрдэмтэн Эстрела гарцаагүй мөн биз? - За тийм байна, мөн байна. Ингэхэд та өөрөө хэн бэ? - Тэр хэлж болохгүй, гэхдээ ямар хэргээр гэдгийг та бараг гадарласан б...
  • Кофе ашиглан зурсан зураг
  • Сонин сонин шийдлүүд бас байнаа
    Бид бие биедээ тусалж байх хэрэгтэй. Тэрийгээ ч зарим маань мэддэг. Харин энэ угаалтуур бол нэг айлынх. Тэд нэлээд хэцүүхэн л байдаг бололтой. Халуун хүйтэн усны хоёр гоожууртай. Халуунаас нь час халуун ус л гарна. Бүлээн гарна гэж байхгүй. Гар түлчих шахна. Хүйтнээс нь харин цэв хүйтэн ус гоожно. Гоожуулах тусам улам л хүйтэн болно. Шүд хага ташна. Уг нь бол ихэнх айл нэг л гоожууртай....
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • Ахмад Америкийн дараагийн анги 2016 онд гарна
    Марвел студи  Ахмад Америкийн дараагийн цувралынхаа зураг авалтыг Атланта хотод эхлүүлээд байна. Энэхүү шинэ анги 2016 оны 5-р сарын 6-нд "Иргэний Дайн" нэртэйгээр гарах юм байна.Найруулагчаар "Өвлийн цэрэг" ангийг нийсэн найруулагчид болох Жое Руссо болон Энтони нар ажиллах аж. Эх сурвалж: www.hollywoodnews.com
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Apple-д ажилд орохыг хүсэгчдээс асуусан хамгийн хэцүү асуултууд
    Apple бол залуусын ажилд орохыг мөрөөддөг компаниудын нэг. Тэдний хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчоос янз бүрийн асуулт асуудаг гэнэ. Үүнд өмнөх ажлын туршлага, ур чадвараас гадна математикийн хэцүү бодлогууд ч байдаг аж. Карьерийн сэдвээр ажилладаг Glassdoor сайтад тус компанид ажил горилон ярилцлаганд орж байсан хүмүүст учирч байсан асуултууд нийтлэгдсэнийг орчуулан хүр...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • Түүх өгүүлэх гэрэл зургууд
    Гэрэл зураг цаг үргэлж түүхийг хадгалан үлдээж байдаг ба архивын гэрэл зургууд үнэхээр үнэ цэнэтэйд тооцогддог байна. Учир нь тэдгээр гэрэл зургуудын тусламжтайгаар цаг хугацаагаар аялж, түүх болон үлдсэн зүйлсийг олж харах боломжтой байдаг аж. Танд хүргэж буй дараах гэрэл зургууд зүгээр нэг түүхийг өгүүлээд зогсохгүй манай гараг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэнийг хар...
  • Сошиал сүлжээнд юу нийтэлж болохгүй вэ?
    Зарим нэг нь эдгээр машины мөрөөдөл болж байхад зарим нэг нь хог дээр гаргаж хаях аж. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай, доорх мэдээллийг үзээд нулимс тань өөрийн эрхгүй гарах вий. Үнэтэй машиныг хог дээр хаядгаараа Дубай хот дээгүүр бичигдэнэ Худалдаа наймааны гэрээ хэлцэл эсвэл үл хөдлөх эд хөрөнгийн хэлцэл нь ашиг орлого өгөлгүй бүтэлгүйтэж дампуурал зарласан гадаадын хөрөнгө оруул...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.