Морин хуурын чуулгын "PLAYING LOVE" концерт
2017 оны 03 сарын 06, 14:34
“Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд энэхүү түүхэн ойд зориулж "Playing Love" тоглолтоо толилуулах ба 3-р сарын 7,8-нд болох тоглолт өмнөхөөс ямар онцлогтой талаар уран бүтээлчидтэй news.mn-ий сурвалжлагч Б.Энх ярилцаж, тодруулсныг хүргэж байна.
Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан, үзэгчдэд хүргэж, гайхалтай бэлэг барьж байв. "Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болж чаджээ.
Энэ удаагийн тоглолт гуравдугаар сарын 7, 8-нд “Сorporate convention centre”-т болно.
Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан:
-Бид энэ удаагийн тоглолтод өөрсдийн өнөөгийн ур чадварыг сорьсон тийм томоохон бүтээлүүдийг найруулж тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Киноны хөгжим ямар том байр суурь эзэлдэг, ямар нарийн дүрслэлийг хөгжмөөр хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг хүмүүст анзааруулах зорилготой. Манай чуулга найрал хөгжмийн хэмжээ ямар түвшинд байгааг энэ тоглолтоос харж болох байх. Өрнө, дорны хөгжмийг сонгох боломжтой бүрэлдэхүүнийг манай Ц.Батчулуун багш, Н.Жанцанноров багш нар айхтар сонгож оруулсан байдаг. Олон хөгжмийн зэмсэг нэгдэн нийлж үндэснийхээ хөгжмөөс гадна дэлхий нийтээр тоглогддог бүтээлийг тоглох боломжтой бүрэлдэхүүнийг сонгосон. Бид оюутнууд сайн анзаралгүй л ирж байж. Одоо нарийн анзаардаг сонсогч, үзэгчид их болсон байна лээ.
Үзэгч хөгжим сонсож, таашаал авах гэж ирдэг. Бид дэлхийн олон гайхалтай тайзан дээр тоглож байсан. Дугаралт, тайз, гэрэл зэрэг киноны хөгжим сонсоход тохиромжтой, тухтай байх болов уу. Ирсэн хүмүүс харамсахгүй байх. Залуус маань орчин цагийн, адармаатай хөгжмийн хэллэгтэй ,шинэ киноны хөгжмийн бүтээлүүдийг сонгосон байсан. Бас “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун тоглоно. Удирдаач Ч.Чинбат багш, манай Н.Жигжиддорж нар мөн удирдана.
Ятга хөгжимчин А.Жамбалсүрэн:
-Морин хуурын чуулга таван ятгачинтай. Анх гурван ятгачинтай байгуулагдаж байсны нэг нь бидний багш Цолмон байсан. Бид өнгөрсөн жил ятгын ”Хязааргүй” тоглолт хийсэн. Тэр тоглолтдоо “Мандухай сэцэн хатан” зэрэг сайхан киноны хөгжмүүдээс тоглосон. Киноны хөгжмүүд маш гоё сонсголонтой байдаг. Энэ удаагийн "Playing Love" тоглолтод тоглогдох бүтээлүүдийн 80 хувийг нь шинээр найруулан тоглож байгаа. Өргөн цар хүрээтэй тоглолт болно.
Морин хийлч Л.Болормаа:
-Анх Морин хуурын чуулга байгуулагдахад Ц.Батчулуун багшийн санаачилгаар морин хийл хөгжмийг монгол маягтай болгож, дунд хуур гэсэн хөгжмийг хийлгэж байсан. Одоо улам хөгжиж, гурав дахь үеийн дунд хуураар тоглож байна. Энэ жилийн "Playing Love" тоглолтоо бид онцлог хийхээр зүтгэж байна. Манай залуучууд бүх аянуудаа өөрсдөө хөрвүүлэн, найруулж, бичиж байна. Манай хөгжимчид морин хуур, ятга, ёочин, эвэр бүрээ зэрэг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглохоос гадна төгөлдөр хуур, флейт, цохивор хөгжим тоглодог, их хуурчид маань конрбас тоглох гэхчлэн давхар мэргэжилтэй байдаг. Энэ удаагийн тоглолтод зориулж нэмэлтээр морин хийл хоёр, гуулин үлээвэр хөгжим найм, цохивор хөгжим хоёроор нэмэгдүүлж, өргөжүүлж байна. Нэг хөгжимчин, нэг нот дутахад бүтэн дуугардаггүй. Бид киноны хөгжмийг бүтэн үзэгчиддээ сонсгохоор хичээн ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 7, 8-нд болох тоглолтыг заавал ирж сонирхоорой гэж хүсч байна.
Морин хуурч Р.Амарбаяр:
-1992 онд чуулга байгуулагдах үед оюутан байсан. Оюутан байхдаа чуулгын бүрэлдэхүүнд багтсанаа их аз, хувь заяа гэж боддог. Тэр үедээ ийм том чуулга болно гэж төсөөлж байгаагүй. Цагтаа очих ёстой, тоглох ёстой л гэж боддог байж. Манай гайхамшигт өв дотроос морин хуур хөгжим бол онцгойлон ач үзэх ёстой зүйл. Судлаачид нумт хөгжмүүдийн эцэг нь гэж үздэг тал бий. Нум, чавхдас хоёуланг нь адууны сүүлээр хийдэг. Ардын дуу, уртын дуу, бие биелгээг тоглоход зохимжтойгоос гадна өргөн цар хүрээтэй дуугарна. Дэлхийн хөгжмийн сор бүтээлүүдийг тоглох боломжийг эрэлхийлж байдаг. Манай уран бүтээлийн төлөвлөгөө байдаг. Жишээлбэл, цагаан сарын өмнө ардын дууны “Торгоны хээ” тоглолт гэх мэт. Энэ удаагийн “Playing love” тоглолтод нэмэлт бүрэлдэхүүн оруулсан учраас илүү бид өрнө дуугарч, Европ, Латин Америкийн хөгжмүүдийг тоглоно.
Флейт хөгжимчин Н.Хоролсүрэн:
-Флейт бол монгол үндэсний лимбэтэй нэлээд төстэй сонгодог хөгжим. Хөгжим, бүжгийн сургуульд биднийг шалгаж авахад хуруу урт, шүд эрүүл гэх мэт шаардалага тавьж авдаг. Гэхдээ гол нь тэр хөгжимдөө дуртай байх. Хөгжимчин болоод тайзан дээр тоглох бол шалгуур өндөр. Хөгжмийн сургуульд сурсан, хөгжимчин болчихлоо, одоо юу давтаад байдаг юм бэ гэж хүмүүс асуудаг. Тайзан дээр гурван минут тоглохын тулд маш их сургуулилт хийдэг. Одоо “Playing Love” тоглолтынхоо бэлтгэлийг ихэд хичээн, чамбай хийж байна.
Морин хуурын чуулгын продюсер, морин хуурч Д.Оргил:
Энэ жил манай чуулгын 25 жилийн ой тохиож байна. Ойн жилээ олон том тоглолт төлөвлөсний нэг нь бөгөөд анхных нь “Playing Love” тоглолт. Энэ удаа бид өргөтгөсөн бүрэлдэхүүнээр тоглоно. Тоглолтыг манай морин хуурч Даваазориг ах таван жилийн өмнө анх санаачилж байсан. Монголын сор болсон киноны хөгжмүүдээс үзэгч, сонсогчдын дуртай Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”, Б.Шаравын “Үхэж үл болно”, З.Хангалын хөгжим ”Би нисэх дуртай” гэх мэт хөгжмүүдийг тоглоно. Бид хөгжмийн найруулгаа хийхдээ киноны дүрслэлийг яаж дуугаргавал илүү хүргэх вэ гэдгийг бодож, өөрсдөө найруулдаг нь давуу тал юм.