МЭДЭЭ

Д.Бямбасүрэн: Манай улс дэлхийн хоёр том өрсөлдөгч зах зээлийн дунд байдаг нь ашиглаж чадвал сайн тал


2014 оны 01 сарын 19, 13:47
67f4d1bf09a982d7a0c010daf9ffb079Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай  олон сэтгүүлч уулзаж улс төр, эдийн засгийн сэдвээр ярилцдаг билээ. Харин энэ удаа түүнтэй уулзаж монголчуудын оюун санааны өв уламжлал, түүний дархлаа, мөн эх орон,  тусгаар тогтнолын сэдвээр  ярилцлаа.

-Эрдэмтэн, зохиолч  Л.Түдэв гуайн нэгэн  ярилцлагыг үзэж суугаад  “Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг ирлээ” гэсэн үгийг их гүнзгий хүлээж авлаа. Тэгээд тантай энэ сэдвээр ярилцъя гэж бодоод хүрээд ирлээ.  


-Хичээе л дээ...

-Ташуураар хамгаалж болдог байсан эх орноо тархиараа хамгаалахгүй бол болохгүй нь гэсэн энэ өгүүлбэр надад олон юм бодогдууллаа. Үүнээс үүдээд монголчууд бидний оюун санаа хэр хүчирхэг билээ гэсэн асуулт хариу нэхээд байх болов?

-Зөв л дөө... Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг харлаа ч тэр  оюун ухаан, оюун санааныхаа хүчээр амьдрах цаг ирж.  XX зууныг хүртэл улс төрийн асуудал, амьдрах эс амьдрахаа  зэвсгийн хүчээр шийддэг байлаа.  Ингэж явсаар XX зуунд бүр дэлхий даяараа хоёр ч удаа дайтаж нийтээрээ “зодолдож” үзлээ. Энэ бүхнээс хүн төрөлхтний олж авсан ухаарал бол “оюун ухааны чадварыг олж авсан нь үлдэх юм байна” гэсэн ойлголт. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талын ойлголт. Харин нөгөө талдаа тайлбарлах юм бол  их сонин. Одоо бидний амьдарч байгаа үеийн  Европын соёл иргэншил гэгддэг техникийн хөгжлийн иргэншил хүний амьдралыг баталгаажуулах чадвараа улам бүр алдаж байна.

Тухайлбал, байгаль экологийн тэнцвэр алдагдах, хүний уг мөн чанарын доройтол, эрүүл мэндийн дархлаа байхгүй болж байгаа зэрэг нь одоо бидний туулж өнгөрүүлж буй соёл иргэншилтэй холбоотой. Үүний оронд бий болох хүн төрөлхтний  цоо шинэ ёс жамыг Оюун мандлын соёл иргэншил гэж нэрлэдэг л дээ... Үүнийг анх 1920 оны үед Оросын залуу эрдэмтэн Вернадский  тодорхойлсон. “Хүний оюун ухаан байгалийн, биологийн хүчин зүйлээс дутахгүй болно. Хүн төрөлхтний соёл иргэншил байгаль дэлхийтэйгээ хамт хөгжих ёстой. Үүнээс үүдээд амьдрал орших уу, эс орших уу гэдэг нь шийдэгдэнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь хүн төрөлхтний оршин тогтнох эсэх нь оюун ухааны хөгжилтэй холбоотой юм. Надад нэг сонин жишээ тохиолдсон.

Оросод философич мэргэжлээр улаан дипломтой төгссөн нэг нөхөртэй би 1980 аад оны сүүлчээр хамт ажиллаж  байлаа. Түүнийг 1993 онд Филиппин рүү сургалтад явахад би тодорхойлолтыг нь гаргаж өгч байсан юм. Тэгээд нөгөөдөх чинь ирээд надад ярилаа л даа. Филиппинд сургалтад сууж байтал нэг америк багш ирээд энд монгол хүн байна гэж сонслоо гэхэд нь мань хүн годосхийж босоод баахан зовлон тоочиж. Гэтэл нөгөө багш “Нэг сая 500 мянган км.квадрат нутаг дэвсгэртэй, 25 сая малтай оронд хоёр сая хүн өлсөж байгаа бол танайд ерөөсөө 27 сая мал амьдарч байна гээд тооцчихвол яасан юм бэ” гэж хэлж. Байгаа баялгаа зөв ашиглаад оюун ухаанаа түшиж амьдарч чадахгүй байна аа л гэдгийг хэлж  шүү дээ. Ер нь хүний ертөнцөд хоёр нарны хооронд нүүрээ харлатал мал дагаад ч, нуруугаа бөгтийтөл  газар ухаад ч  сайхан амьдарч болдоггүй юм байна.  

Хэн оюун ухаанаа түшиж оюун ухаанаараа амьдарч чадна тэр л сайхан амьдарна. Гэтэл бид улсаа хөгжүүлж байна гээд газрын баялгаа ухаад гадагшаа зөөгөөд байдаг. Яах вэ хэдэн халтар төгрөг олж байгаа байх. Харин тэрнийхээ хариуд  нэгдүгээрт, байгаль орчин газар нутаг маань сарны гадаргуу шиг боллоо. Гурваас дөрвөн мянган гол горхи ширгэлээ. Хоёрдугаарт, хүний оюун санаанд айхтар өөрчлөлт гарч байна. 1960-аад оны үед манайхан Германы уран бүтээлчидтэй хамтран “Алтан өргөө”  гэж кино хийсэн. Тэр кинонд өвөг дээдсийнхээ өвлүүлсэн эрдэнэсийн авдрын түлхүүрийг шуналтай хүү нь авч авдрыг онгойлгоод нутаг орноороо хэрхэн сүйрдэг тухай өгүүлдэг. Одоо яг л тийм болчихлоо.

Оюун ухаанаа л өөд нь татахгүй бол бид удам судар, орон нутагтайгаа сүйрнэ. Орчин үеийн дэлхий  ертөнц гэдэг хөгжим эгшиглэсэн жаргалын өргөө биш. Өлссөн өлөн араатан хаа нэгтээ нь архирч л яваа. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлж, давж сэтгэж явахгүй бол тэднийхээ идэш болоод л дуусна. Тиймээс өөрийн чинь энэ удаа хөндөж буй сэдэв цагаа олж. Бас Л.Түдэв гуай үнэхээр мэргэн үг хэлж.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй томоохон компаниудад монгол залуус мэр сэр ажиллаж байна. Тухайлбал “Google”, “Аplle”-д монголчууд ажиллаж байх жишээтэй. Бахархаж байна тэднээр. Гэхдээ нөгөө талдаа гомдмоор, бас харамсмаар.  Бид оюунлагуудаа гадагш алдчихаж. Бид уураг тархиа гоожуулчхаж... Бид тэднийгээ дотооддоо зүтгүүлж чадахгүй байна шүү дээ?

-Тийм л дээ... Яг үнэн. Монгол хүн Францын машины үйлдвэрт зохион бүтээгчээр, Германд технологичоор ажиллаж байна. Монгол хүн Microsoft-д ажиллаж алмайруулж байна гээд тоочих юм бол монгол хүн авьяас билэгээ гайхуулж байгаа жишээ цөөнгүй. Яагаад ийм хүмүүсээ эх орондоо ажиллуулж чадахгүй байна гэвэл хоёр гол зүйл байна.  Нэгдүгээрт,  Монголд оюун ухааныг үнэлдэггүй. Харин өөр улсад тэдгээр хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог нь хангаж, ажил хөдөлмөр хийх таатай орчин бүтээж өгч чадаж байна. Энэ нэг тал нь. Нөгөө тал нь гэвэл  орчин үеийн дэлхийн философийн дагуу оюуны хүчийг өөртөө татаж чадсан улс орон л хөгжинө.  Тийм болохоор  “Тархины хулгайч “ гэж нэрлэдэг дээ.  Үүгээрээ өрсөлддөг болчхож. Ийм хоёр хүчин зүйлийг бид бий болгож чадахгүй байгаа болохоор хүмүүс маань гадагшаа яваад байгаа юм.

-1990-ээд оны эхээр ихэнх айл номын сан дахь номоо зарж, ном гудамжинд хөлийн дор хэвтэж байлаа. Харин одоо ном гоё дэлгүүрийн лангуунд заларч байна. Хүмүүс олон ном уншсанаа гайхуулдаг болов. Ном уншиж оюун ухаанаа тэлэх соёл хэлбэр талаасаа хөгжөөд байх шиг. Энэ талаар таны бодол?


-Ном олон янз. Ном бүрийг унших ёстой ч юм биш. Манай монголчууд номыг ариун нандин зүйл гэж шүтэж биширсээр ирсэн. Ном байтугай бичигтэй цаасан дээгүүр алхдаггүй  байсан. Үүний цаадах утга нь тэр номын дотор өгүүлсэн зүйл бол ховор нандин эрдэнэтэй дүйхүйц гэж үздэг байсных.  Харин орчин цагт зөвхөн ном төдий биш интернет, телевизээр мэдээллээ авч байна. Ном их уншдаг болсондоо ч биш юм. Угаасаа хүн гэдэг амьтан ямар нэгэн танин мэдэхүйн хэрэгцээ гэсэн хөшүүрэгтэй. Түүнийхээ шаардлагаар янз бүрийн мэдээлэл авч байгаа. Харин тэр мэдээлэлд  нь хэрэгтэй  зүйл ч бий,  хэрэггүй эргээд  ус болох зүйл ч бий байх.

-Энэ цаг үеийн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд “Би их уншсан... би их мэдсэн” гэдэг имиж бүрдүүлдэг.  Гэвч яг үнэн чанартаа оюун ухаанаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тэр мэдлэгээрээ бусдыг хөтөлж өмнөх замыг нь гэрэлтүүлж яваа нь харагдахгүй юм. Тэд дүр эсгээд байна, тийм үү?  

-Миний хувьд долоон төрийн тэргүүний нүүр үзжээ. Чойбалсангийн үед бол бага байсан даа. Түүнээс хойшхи төрийн тэргүүнүүдтэй уулзаж ярилцаж, ажил төрлийн холбоотой байж заримынх нь удирдлагад төрийн үйл хэрэгт  зүтгэж явлаа. Сүүлийн үеийн төрийн зүтгэлтнүүдээ хараад байхад өмнөхөөсөө  мэдлэгийн  хүрээгээрээ   үнэхээр явцуурсан гэж би хэлнэ. Ю.Цэдэнбал гуай болон Ж.Батмөнх гуай тухайн үеийнхээ эрдэм номын чинад хүртэл боловсорсон, эрдэмтэй хүмүүс байлаа. Тэрнээс гадна дорнынхоо ном сургаалийг үзэж гэгээрсэн хүмүүс ч байсан. Нэг сонин тохиодол одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Улс төрийн товчоонд н.Моломжамц гээд өвгөн настай хүн байх. Аливаад их голч байр суурьтай ханддаг байлаа. Зөвлөлтөд 1948 онд сургууль төгссөн сэхээтэн хүн.

Залуучууд бид яахав дээ түүнийг нөгөө л марксистүүдийн нэг гэж боддог байж. Заримдаа хүмүүс  “Төв хорооны Санхүүгийн хэлтсийн н.Санжаацамц, Улс төрийн товчооны н.Моломжамц хоёр  Их тэнгэрийн аманд хурал хураад байх юм” гэхэд бид тоглоом байлгүй гээд шоолдог байлаа. Би 1988 онд Удирдлагын институтын захирал байхдаа Төв номын санд Нагаржунайн 73 бадагтыг  үзэх санаатай  хоёр гурав хоног суусан юм. Тэгсэн Моломжамц гуай дууддаг юм байна. “Би хоёр гурав хоног чамайг эрээд олсонгүй чи хаачив” гэхэд нь “Ном үзэх санаатай Төв номын санд суулаа...” гээд учраа хэлсэн. Тэгтэл урдаас “Нагаржунайн 150 бадагт гэж байдаг юм шүү дээ ” гээд цээжээр дүнгэнэтэл унших нь тэр.

-Төвд хэлээр нь үү?

-Тэгэлгүй яахав, Моломжамц гуайн уншиж судалж цээжилсэн нь бол  Нагаржунайн философийн  их хөлгөн судар. Миний үзэж байсан 73 бадагт бол бага хөлгөн нь юм. Тэгээд  би бодлоо. “Манай төр засгийн толгойд ийм гайхалтай хүмүүс суудаг юм байна шүү дээ” гэж. Тэр үеийн сэхээтнүүдийн философи, боловсрол ямар түвшинд байсан бэ гэдгийг харуулж байгаа юм. Гадны улс  төрийн зүтгэлтэн хэн нэгэн хүн ингэж амьдарч байж гэдгийг харуулсан сайхан сайхан номууд байдаг. Түүнийг унших хэрэгтэй.  Хүнд амьдралын туршлага өгнө. Гэхдээ цаад талд  нь суурь философи байгааг бас судлах ёстой. Өнөө цагийн манай удирдагчид тэрхүү суурь философи талдаа сул анхаардаг юм уу даа  гэж  би хувьдаа боддог.

-Юм уншихгүй байгаа юм уу гэхээр үгүй. Уншаад мэдээлэл аваад байдаг. Харин таны хэлснээр тэр философи нь байхгүй байна аа даа.  Монголд хүнд хэрэгтэй Монгол оронд наалдацтай биш, нэг тийм имрэхэд ширхэг нь мэдрэгдэхгүй гэдэг шиг хөндий хоосон суртал яваад байх шиг..?

-Манайхан одоо оюун санааны өв гэхээр ихэвчлэн Чингис хаан ингэж сургасан, тэгж сургасан гэж ярьдаг.  Гэтэл "Оюун түлхүүр" гээд их судар байдгийг мэддэг, ойлгодог эсэх нь их эргэлзээтэй. Чингис хааны “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж сургасан гээд яриад байдаг. Гэтэл энэ чинь Чингис хаанаас 1500-гаад жилийн өмнөөс явсан том философи юм шүү дээ. Биеэ засна гэдэг нь юу юм бэ, гэрээ засна гэж яадаг юм бэ.

Тэгээд төрөө засаад дараа нь төгөлдөр дээдийн хязгаарт хүрнэ гэсэн үг хүртэл бий. Манайхан тэрийг нь огт ярьдаггүй юм. Манай сүүлийн гурван Ерөнхийлөгчийн үед... За анхны Ерөнхийлөгч бол иймэрхүү юм огт ярьдаггүй л дээ. Сүүлийн хоёр Ерөнхийлөгчийг  хараад байхад “Биеэ засна” гэдэг томьёоллыг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тайлбарлах гэж үе үе цухалзуулдаг юм. “Биеэ засна” гэдгийг ямар нэгэн дээд сургууль төгсөөд, магадгүй эрдмийн зэрэг цол хамгаалаад, бизнес хийгээд жаахан төлөвшил олохыг хэлнэ гэж тайлбарладаг. Гэтэл “биеэ засна” гэдгийг монголчуудын филосифиор “их суртахуй“ гэдгээр тайлбарладаг.  

Биеэ засна гэдэг чинь орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм. Сэтгэлийг төвийг олно гэдэг нь эмчийн боловсрол, инженерийн боловсролыг олохыг хэлдэг юм биш.  Энэ мэргэжлийн боловсрол олох чинь “Бага суртахуй”-даа орно. Одоогийн 76 гишүүнээс их суртахуйг олсон хүн их цөөхөн дөө. Надад ингэж л бодогдоод байдаг юм.

-Одоогийн УИХ-ын гишүүдийн араас явж буй залуу үе таны хэлсэн  сэтгэлийн төв, оюун санааны тэнцвэрээ олоогүй байж “ төрөө засна аа” гээд дайрах боллоо.  Зөвхөн сургууль төгссөнөө биеэ зассанд, жаахан мөнгө олж байр, машинтай болсноо гэрээ зассанд тооцоод байх шиг. Заримдаа тэднээс айх юм?


-(инээв) Би ч айдаг. Тийм хүмүүсийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь юу байдаг гэхээр мөнгө. Тэд би юмыг мэддэг чаддаг боллоо гээд дайрсаар төрд гардаг. Төрд гарахаараа юу хийдэг вэ гэхээр төсвийн мөнгийг хувааж иддэг.  

Авлига хээл хахуулиар амьдрах замыг дөт зам гэж хараад байх шиг санагддаг. Улс төрийн намуудыг  харах нь ээ “манай намыг дагавал сайхан амьдарна” гэсэн үзлийг түлхүү сурталчилж байна. Тэрнээс “бид эх орондоо ийм ийм сайхан үйл бүтээж чадна” гэсэн үзэл дутуу санагддаг. Тэгээд сонгууль болохоор аль их мөнгө өгсөн хүнийг албан тушаалд томилдог. Одоо ч бүр хялбар болсон. Намын жагсаалтын эрэмбэ дараагаар худалддаг болж.

Монголчуудын оюун санааны ертөнцөд нэг өөрчлөлт гарсан. Тэр нь үнэлж хүндэтгэж явах ёстой үнэт зүйлээ мөнгөөр орлуулах болсон явдал. Ялангуяа манай залуучуудад элбэг тохиолддог л доо.

-Зөвхөн эд баялгийг л мөнгөөр худалдаж авдаг гэдэг ойлголт орвонгоороо эргэлээ. Мөнгөөр албан тушаал худалдан авч түүнийгээ тахин шүтдэг болсон. Мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны үнэт зүйлийг дээдлэн шүтэх сэтгэлгээ үгүй болсон. Хэзээ  ямар алдаа хаана гаргаснаас ийм гажуудал үүсэв ээ?


-Монголчууд  “Эрдэм мэдлэг  эрхэм  баян, үр хүүхэд удаах баян, эд хөрөнгө адаг  баян” гэж  ярьдаг.  Энэ үзлээрээ бид залуучуудаа хүмүүжүүлж чадсангүй.  Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үе хүртэл баахан худал онолоор цатгасан.  “Хүн бүхэн хэрэгцээнийхээ хэрээр хүссэн юмаа авдаг коммунист нийгэмд амьдрах цаг үе ирнэ”  гэсэн итгэл найдвараар амьдарч явтал нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Нөгөө итгэл үнэмшил байхгүй болсон. Тухайн  цаг үеэс гадна дотны ч нөлөө байсан байх. “Мөнгөөр бүхнийг шийдэж болно, мөнгөтэй л бол сайхан амьдарч болно, баяжихыг хичээ” гэсэн сэтгэлгээ орж ирсэн. Өөрөөр хэлбэл монголчуудыг бүтээгч сэтгэлгээгээр биш шуналаар нь хөтөлж эхэлсэн дээ.  Ингэж явсаар одоогийн залуус “мөнгө, мөнгө” л гэх болж.  

-Социалист дэглэмээс ардчилалд шилжих  тэр цаг үед  оюун санааны өв уламжлалаа хойч үедээ өвлүүлээгүйгээс ийм байдал бий болжээ гэж ойлгож болох нь ээ? Бүхэл бүтэн нэгэн үе энэ алдааны золиос болчхов уу?


-Цаг хугацааны хувьд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд нэг их зай завсар гараагүй. Соёл иргэншлийн мөргөлдөөн, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх үед хүний зовлон туйлдаа хүрдэг гэж ярьдаг. Энэ үедээ бид мөнгөний хүчтэй түрэлтэд автаж байгаа нь үнэн. Гэхдээ оюун санаагаа тэр чигт нь алдчихаагүй.  Адаглаад та бид хоёр энэ тухай ярилцаад сууж байгаа нь оюун санааны мөхөлд тэр чигтээ орчхоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.

-Улс төрийн намаар дамжаад оюун санааны алуур явагдаж байна гэж би боддог. Гэхдээ дотроосоо гэхээс илүүтэйгээр гадны нөлөөтэй оюун санааны терроризм  гэж ойлгодог. Манайх шиг хүн ам цөөтэй оюуны дархлаа нь суларсан ийм улсад энэ аюултай биш үү?


-Намаар дамжиж оюун санааны дарангуйлал, харгислал явагддаг нь түүхийн эртний улбаатай. Жишээлбэл, манай улс  оюун санааны өндөр боловсролтой, соёл түүхтэй орон байлаа. Тэгээд социализмд ороод ирэхээр большевикуудын үзэл санааг даган дуурайх хэрэгцээтэй болсон. Ингээд л Монголын шашин, соёлыг устгаж хүч хэрэглэж эхэлсэн. Гэвч энэ үзэл суртал хоосон хуурамч байсан тул манайхны оюун санаанд тэгтлээ гүн шингэж чадаагүй.

Социализм нуран унахад хүмүүсийн оюун санаанаас маш хурдан арчигдаж хоосон орон зай үлдээсэн. Харин тэр оюун санааны орон зайг мөнгө эзэлчхэж. Большевикүүдийн үлдээсэн тэр орон зайг улс төрийн намууд эзэлж авахдаа оюун санааны хүчирхийллийг хэрхэн явуулдаг тэр арга барилаар ажиллаж байгаад гол учир байгаа юм. Тэд хүмүүст мөнгө санал болгож эхэлсэн. Аль ч намын үзэл суртлыг харахад баяжих, мөнгөжих үзлийг түлхүү номлож байгаа.  Энэ нь нэг тал.

Нөгөө талыг нь харъя л даа.  Хөрөнгөтэй баян чинээлэг хүмүүс намыг атгаад сонгууль болоход намаар дамжиж хүссэн эрх мэдэлдээ хүрдэг болсон. Уг нь нам гэдэг бол үнэлэхүйн үнэтэй эд биш юм.  Гэтэл намгүй л бол  ардчилал байхгүй болчих юм шиг яриад байна.  Тийм биш шүү дээ. Тухайлбал Францад сонгуульд оролцохдоо олон түмний иргэний байгууллагууд нь холбоо байгуулаад орж болж л байна. Оросод бүх ард түмний фронт гээд иргэний байгууллагууд нь нэгдээд орох эхлэл цухалзаж  байна.  Гэхдээ Оросод бол гажуудал ихтэй явж байгаа...

-Ер нь намгүй болчихвол яадаг юм бол?

-Нийгэмд тодорхой хэмжээний үзэл байх ёстой. Тэр үзлийг хэсэг бүлэг хүмүүсээр зангидаж байдаг зүйл нь нам. Тэгэхээр нам хэрэгтэй . Гэтэл одоогийн нам гэдэг зүйлд үзэл баримтлал байхгүй. Зөвхөн мөнгөнд суурилсан сонирхол бий.  Бид нэг хэсэг нам дагасан олигархи гэж ярьдаг байлаа.  Гэтэл одоо өнөөх олигархиуд нь төрийн толгойд гараад намаа тоохоо больсон.  УИХ хоёр дахь жилдээ орж төлөвших үедээ хэд хэдэн хууль баталлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль.  Төрийн толгойд суусан олигархиуд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалсан хууль оруулаад л “Наадахаа батал” гэхэд УИХ дахь намын бүлгүүд чичирч байгаад л баталлаа.  Гэтэл Монголынхоо газар нутгийг 100 жилээр гадныханд түрээслүүлэх  хууль баталчихсанаа одоо л мэдэж байна. Энэ юуг харуулж байна гэхээр намаас давсан олигархиудын бүлэг бий болж. УИХ дахь намын бүлгүүд бол зүгээр л тэдний зэвсэг. Өнгөлөн далдлалтын хөшиг. Тэр хөшигний цаана хоёр гурван намын баячууд суучхаад ашиг сонирхлоо тохирч байна шүү дээ.  

-Тэгээд дээрээс нь гадны нөлөөтэй...?

-Тэгээд бас гадны нөлөөтэй. Мөнгө хараад цаадуул чинь шонхор шиг дайрч байгаа юм чинь.

-Одоогоос  20-оод жилийн өмнөөс “Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх орон” гэсэн сүржин философитой  суртал явдаг байлаа. Түүнд нь ч итгэдэг байсан. Гэтэл одоо эх орон гэж ярьсан болгон, эх орны төлөө гэж дуугарсан бүхэн адгийн шаар гэсэн нэр зүүж адлагдах болов. Магадгүй  би маргааш “Эх орны төлөө” гээд бичвэл шившиг болох хэмжээнд хүрэв. Энэ бол өнөөх оюун санааны алуурчдын хийсэн ажлын   үр дүн мөн үү?  


-(энэ асуултыг сонсоод Д.Бямбасүрэн гуай маш их инээсэн...) Наадах чинь их сонин ойлголт. Над дээр ч гэсэн 90-ээд  оны сүүлээр ийм юм ярьсан хүмүүс ирдэг байсан. “Та одоо эх орон гэж яриад байх юм. Наадах чинь мөхөж буй  коммунистуудын сүүлчийн хоргодох газар...” гээд л. Биднийг өмнө нь интернационалч маягаар хүмүүжүүлэх гэж 100 жил оролдсон. Тэгээд тэр нь ч нэг их бүтээгүй. Тэгэхээр ингэж бодох хэрэгтэй. Эхлээд эх орон гэдгээ зөв томьёолох ёстой. Чиний өөрийн нутаг ус, өвлөж төлөвшсөн хэл соёл чинь, зан заншил чинь ...  

Тэр байтугай хаа ч явсан элэг зүрхээрээ холбогдсон нутаг орон чинь Монгол юм. Харин чиний хэлсэн дээрх үзлийг номлогчид бол хэл соёлоо, зан заншлаа, нутаг усаа ер нь юуг ч худалдаж болно гэж үзэл санааг тархинд чинь суулгахыг хүсэгчид юм. Тэд хэдэн мянган жилийн турш энэ улс орныг, энэ соёл заншлыг хамгаалж хэдэн хүн амь насаа зольж ирснийг мэдэхгүй.  Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 1939 онд Халх голын дайнаар 2500 хүн амь үрэгдсэний төлөөсөнд бид өнөөдөр Халхын гол гэдэг нутаг дэвсгэртэй тэнд амьдардаг монгол хүмүүстэй байна. Гэтэл нэр нутагт 270 мянган га газрыг солонгосчуудад  өгчихлөө. Үндсэндээ худалдчихлаа.  Үүнийгээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиар баталгаажуулаад ч авлаа. Монгол эх орон,  өв уламжлал,  үндэс  угсаа  бүхэнтэй холбоотой бүхнийг хямдруулж юуг ч худалдаж болно гэж номлогсод бүгдийг дийлж давж байна даа.

-Энэ бүхэн чинь бид гадныханд тархиа хэрхэн соруулж  байгаагийн үр дүн, тийм үү?


-Эхлээд эх орноо үгүйсгэнэ. Дараа нь ижий, ааваа үгүйсгэнэ. Тэгээд бүгдийг худалдаж чадна даа. 

-Өнөөдөр манай улс тусгаар тогтносон улс. Дотооддоо асуудлаа шийднэ. Хилтэй, хэлтэй. Сонгуулиа явуулж төр засгаа сонгоно. Гэтэл геополитикийн хувьд бид тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдчихсан юм шиг. Манай улсын эдийн засаг 100 хувь гаднаас хараат болсон шүү дээ...

-1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилт бол тусгаар тогтнолоо,  бүрэн эрхээ 100 хувь өөрсдөдөө авах байсан. Тэрнээс өмнө Монголын хувь заяаг Москвад шийддэг байлаа. Монголын төрийн тэргүүн хэн болохыг, тэр хүн хэдий хугацаагаар амьд явахыг  хүртэл оросууд мэддэг байсан.  Бид 1990 оны хувьсгалаар  энэ бүх эрх чөлөөгөө олж авсан. Тэрний төлөө огт цус урсгаагүй гэж бахархдаг юм. Цус урсаагүй ч энэ эрх чөлөөний төлөө монголчууд маш их зовсон. Эрх чөлөө маш их  үнэтэй.  Гэтэл сүүлийн үед сэтгэл зовоосон асуудал их боллоо.

Эдийн засгийн хувьд бид бүрэн хараат боллоо. Манай экспортын 95 хувийг урд хөрш маань дангаараа эзэлж байна. Манайхан том том гоё юм яриад л байгаа. Яг үнэндээ бодитоор аваад үзвэл Чалко нүүрс авахаа болилоо гэхэд л Монголын нүүрсний экспорт бүрэн зогсч байна. Рио Тинто “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бууж өгөхгүй бол бид явлаа”  гээд 1700 ажилчныг нь халчихаад явахад бид Лондон руу хадаг бариад гүйж очлоо. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бид хувь заяаныхаа жолоог алдчихсан гэдгийг харуулж байна.  Үүнээс цааших юм ч бас бий.  Одоо манай төр засгаас явуулж байгаа бодлогод эргэлзэх юм их бий. Харин геополитикийн хувьд гэвэл бодох, санах юм байна.

Манай улс дэлхийн хоёр том гүрний дунд бий.  Нэг нь хүн амаараа дэлхийд нэгдүгээрт ордог, нөгөөх нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Манайхан үүнийг бэрхшээл гэж хардаг юм. Далайд гарцгүй, хоёр талаасаа билүүдүүлж идүүлээд гээд л... Газар нутгаа алдсаны хувьд алдсан. Хуучин газар нутгаасаа гуравны нэгийг нь Хятадад, гуравны нэгийг нь Оросод алдсан. Тэгээд одоо үлдсэн гуравны нэг дээрээ өөрсдөө амьдарч байна. Энэ бол түүхийн жам тавилан. Гэхдээ одоогийн нутаг дэвсгэр дээрээ эрх ашгаа хамгаалаад амьдарч оршиж чадах уу гэвэл, би оршиж чадна гэж хэлнэ.

Орос, Хятад хоёр чинь  Монгол Улсын бий болгосон бүтээл. Орос 62 жижиг вант улс байсан бол  Зүчийн байлдан дагуулалтын улбаа явсаар өнөөгийн  Оросыг бий болгосон  байдаг. Хятад Чингис хаанаас өмнө 12 жижиг улс байсныг бид нэгтгэж нэгдмэл хятад үндэстнийг бий болгож өгсөн юм. Монгол улсыг тойроод  монгол угсаатны хүрээ байгаа.  Ингээд бодвол  гадуураа дэлхийн хоёр том улсаар хүрээлүүлсэн, тэр дотроо өөрийн монгол угсаатнаар хүрээлүүлсэн дархлаа сайтай улс болчхоод байгаа юм.   

-Хоёр хөршид хуваагдаж оршсон монгол угсаатнууд бидний дархлаа болж чадах уу?


-Чадалгүй яахав. Хэл соёлоороо сайн дархлаа болно.

-Бид өөрсдөө энд аж үйлдвэржээд, амьдрах таатай орчин бүрдүүлээд тэднийгээ өөрсөд рүүгээ татах бодлого явуулбал Орос, Хятад хоёрт хүнд байдал үүсэх үү?


-1911 оны хувьсгалаар Да лам Г.Цэрэнчимэд тэргүүтэй хүмүүс энэ бодлогыг явуулахад хоёр гүрэн үхтлээ айж дургүйцсэн. Дараа нь 1921 оны хувьсгалын дараа нэгдсэн Монгол Улсыг байгуулах бодлого гаргахад  дургүйцэж дарж авсан. Ингээд 1924 оны шинэ Үндсэн хуулийг батлахад биднээр өөрсдөөр нь бага буурай улс хэвээр явна гэж бичүүлж аваад санаа амарсан. Яг үнэндээ түүхийн талаас нь авч үзвэл Монгол бол хуваагдмал үндэстэн. Мэдээж монгол угсаатнаа нэгтгэж хоёр гүрнээ задлах бодлого явуулахгүй. Харин монгол хэл,  монгол соёл, ёс заншил амьд хэвээрээ байна гэдэг хүн төрөлхтөнд   өөрөө үнэт зүйл юм. Бичиг нь, хэл нь, ёс заншил нь, амьдрах арга технологи нь ч үнэт зүйл. Зүгээр л монгол дээлээ оёод хоёр зах зээл дээрээ борлуулахад дэлхийн хаана ч борлохгүй олноор борлоно биз дээ.

Энэ мэтээр хоёр том гүрний дунд оршиж байгаагаа муу зүйл гэж үзэхгүйгээр дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байна  гэж бодож, ашиглаж сурах хэрэгтэй. Юун далайд гарц хайх. Ачиж аваад л давхиад хүрчих зах зээл хажууд байгаа юм л даа. Одоогоор манайх урдах зах зээлээ л хараад байгаа болохоос хойноо байгаа том зах зээлийг огт ашиглахгүй байна. Экспортод өрсөлдөх чадвартай ноос , ноолууран бүтээгдэхүүн эсгий гутлаа ч бодоод үз л дээ. Дэлхийн сэрүүн бүс хойно л байна. Үүнийг бид хойд зах зээл рүүгээ хялбар гаргаж чадна. Харин Канадууд биднээс хэзээ ч авахгүй. Скандиновын орнууд ч  авахгүй. Тиймээс хойд хөрш рүүгээ  экспортоо жаахан бодох хэрэгтэй.  

-Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийнэ алдсан... Тийм үү?


-Энэ бол Монголын төр өөрөө найр тавьж өгсөн хэрэг.  

-Санаатайгаар уу?


-Аа, үгүй үгүй. Найр тавьсан хэрэг биш юм аа. Эрх мэдэлтнүүд мөнгөөр худалдчихсан юм . Жишээ нь манай Үндсэн хуульд газар, газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна, өмч байна гэж заасан байгаа. Гэтэл манай төр тэр баялгаа гадныханд найр тавьж, ирсэн болгонд хувааж өгөхийн төлөө зүтгэж байна. Үүний ард Монголын ард түмэнд хүрэх юм гэхээсээ илүү эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байгаа юм л гол хөшүүрэг нь болж байгаа.

-Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо алджээ. Бас оюун санааны тусгаар тогтнолоо ч улам бүр алдсаар байна гэдэгтэй та санал нийлэх үү?


-Байдал их  өвөрмөц байгаа шүү. Улаанбаатарын гудамжаар явахад л тодорхой байгаа. Бүх хаяг гадны хэл дээр байх жишээтэй. Үүнийгээ их соёлтой, мундаг улс болж байна гэж бодож байгаа байх. Японд гудамжин дахь үйлчилгээний газрууд хаягаа  япон болон гадны хэл дээр хоёр янзаар бичсэн байдаг. Гадаад хэл дээр хаягаа бичих бол япон хэлээр бичсэнээсээ хоёр дахин багаар бичих ёстой дүрэм үйлчилдэг.

Гэтэл манайд тийм зохицуулалт  байхгүй. Эрх баригчид мэдэхгүй байна уу, гэвэл үгүй, тэд сайн мэдэж байгаа. Хотын захиргаа энэ талаар шийдвэр гаргасан боловч  тэр нь цаасан дээр л үлдлээ. Тэд үнэхээр хүсэхгүй байна. Гадны бүх юм сайхан, тэр хэлээр нь ярьж бичиж тэднийг даган дуурайж байвал сайхан гэдэг үзлийг л харуулж байгаа юм. Энэ бол оюун санааны тусгаар тогтнолоо алдахаас илүү хэнийг ч хамаагүй даган дуурайж явах үндэстэн болж байгаагаа л нотолж байгаа хэрэг.  

-Монголоороо гоёх биш Монголоо голох болжээ?

-Монгол хэлээрээ ярьж чадахгүй атлаа курсээр англи хэл сурсан хүмүүс төрийн алба руу зүтгээд байна. Манай төрийн албанаас гарч буй бичиг баримтыг харж байхад даанч яав даа гэмээр юм байдаг шүү дээ. Тэгээд тэрнийгээ УИХ-аар батлуулаад гаргачихна. Засгийн газрын шийдвэр гэнэ. Төрийн том баримт бичиг болгоод хэвлэчихнэ.

-Та бид хоёрын энэ яриа нэлээд хоцрогдмол, хуучинсаг зүйлд тооцогдоно шүү...

-Тэгнэ л дээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хэл соёлынхоо үндсэн чанарыг алдсан үндэстэн байхгүй болох тавилантай юм. Энэ бол түүхийн жам. Үүнийг л ухаарч чадвал тэр хоцрогдсон байна уу, үгүй юу хамаагүй. Монголоо орхиод өөр газар очиж сайхан амьдаръя гэж бодож байгаа бол тэр хүнд монгол хэл, монгол зан заншил, Монголын соёл хэрэггүй.  Харин монгол хүн гэх өөрийг нь бий болгож бүтээсэн энэ орчин хэрэгтэй гэж бодож байгаа  хүнд бол хэл соёл, оюуны үнэт зүйлсээ юугаар ч солихгүй биз ээ.

-Монгол хүнд монгол хэл, монгол соёл, монгол зан заншил ямар учраас хэрэгтэй юм бэ гэдгийг та энэ хүмүүст хэлж өгөөч. Монгол хүнд энэ бүхэн хэрэггүй юм шиг бодох болж шүү дээ?   

-Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм.  

Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчхоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д докторантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх.  Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй.

Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.  Баян болох баян амьдрах амархаан. Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум  ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдъя гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдаръя.

Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа...



Тэрбээр ийн хэлснээр бидний ярилцлага төгслөө.

Л.Мөнхбаясгалан



Эх сурвалж: news.gogo.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Со
    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22) тохиолдол бүртгэгджээ....
  • ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
    Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус уулзалтад радио, телевиз, сонин, сайт, сэтгүүлийн нийт 25 сурвалжлагч болон Шуурхай удирдлагын төвийн гишүүд оролцлоо.Тус төв нь аравдугаар сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг төвийн үндсэн зорилго нь Нийг...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилт
    Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилтуудын бичлэгийг хүргэж байна. Эдгээр туршилтыг дагаж хийхдээ гал алдахаас болгоомжлоорой. Мөн бага хүүхдүүдээ өөрсдийн хараа хяналтанд байлгана уу. .
  • Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна. Сангийн зөвлөлийн шийдвэрэ...
  • Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх
    Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;) Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг н...
  • Антарктидын гайхалтай зургууд
  • Ямар багш нар оюутнуудад таалагдав?
    1. Өглөөний 7 цагт унтлагынхаа хувцастай ирсэн багш 2. Сонирхолтой гэрийн даалгавар өгдөг багш Доорх зүйлсийг гэрийн даалгаварт хийж ирнэ үү. 1. Мастер Кунг-Фу 2. Шүтлэгээ нэг өдөр сольж үзэх 3. 24 цаг хиймэл сахал зүүх 4. Дэлхийн өлсгөлөнг зогсоох 5. Өөртөө өстэй хүний итгэлийг олж, дараа нь итгэлийг нь алд 6. Шүршүүрт орохдоо эхлээд ангижруулагчаар, дараа нь шампуниар угаагаад яа...
  • “Хатуу” хочит хурандаа Х.Энхжаргал Төрөөс төрсөн хулгайч нартай тэмцэнэ
    Хүрэлсүхийн Энхжаргал хурандааг олон нийт тийм сайн мэдэхгүй байх. Харин хууль хяналтынхан бол зарчимч, шударга, шаардлага өндөртэй, хууль сахиулагч гэдгээр нь мэднэ. Энэ эрхмийн нэр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн сонсогдлоо. Авлигатай тэмцэнэ гэдэг амь насаараа дэнчин тавихын нэр болчихоод байгаа юм. Энэ газрын анхны даргаар шударга зарчимч гэдгээрээ алдартай томилогдон оч...
  • Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай захирамж гаргажээ
         Бидний нэрлэж заншснаар 70 давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон засч тохижуулах асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нас барагсдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж саналыг нь сонсох ажил хийгдэж байгаа гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байгаа юм. Тус оршуулгын газраас гадна Дарь-Эхэд байрлах &q...
  • Дэлхийн хамгийн гайхалтай номын дэлгүүрүүд
    1.  Аргентины Буэнос Айрос дахь El Ateneo Grand Splendid номын дэлгүүрEl Ateneo Grand Splendid номын сан нь кинонд гарах ордон уу л гэлтэй. Нураах шахаж байсан энэ барилгыг дэлхийн хамгийн үзүүштэй номын сан болно гэж хэн ч төсөөлөөгүй буй заа.  2.Голландын Маастрихт байрлах Selexyz номын дэлгүүрГолландын алдартай сүлжээ номын дэлгүүр Selexyz Голландын Маастрихт байрла...
  • АТГ-ын төлөөлөгчид БОНХЯ-д ажиллаж санал, зөвлөмж өглөө
    2014 оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг нь яамны цахим хуудсыг шинэчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах ажил юм. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд БОНХЯ-ыг мэдээллийн ил тод байдал болон байгууллагын шударга байдал 50 хувьтай байна гэж дүгнэсэн. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 чиглэлээр зөвлөмж ирүүлсэний х...
  • Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ х...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Бондын "Спектр" шинэ цувралын трэйлэр гарчээ
    Шотланд Виски гэгддэг  Даниель Крейг жилээс жилд сайжирсаар. Зарим кино шүүмжлэгчид түүнийг Бондын хамгийн тохирох дүр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэ удаа Скайфаллын үргэлжлэл болох "Спектр" 11 сард нээлтээ хийх ба хамгийн эхний трэйлэрээ цацаж эхлээд байна. Уг кинонд  Спектр хэмээх нууц байгууллагын зүрхэнд хүрч устгахаар тэмцэх Бондын үйл явдал гарах юм . Э...
  • Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээж, 2 дугаар шатны ажил эхэлнэ
    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуу...
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • УИХ-ын гишүүд хуруугүй болох байж
    Тэд үнэхээр хуруугүй байх л ёстой хүмүүс. Хулгай хийж, худал ярьсаар маныгаа залхааж байгаа нөхөддөө.
  • Үдийн цайны дараа дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.
    Өдрийн цайндаа орсны дараа та ердөө ганцхан цаг унтахад л ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжран, арьс амарч, залууждаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тус судалгааны ажилд сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна. Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй а...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.